Өнөөдөр би эрхэм хүндэт уншигчиддаа хандан хөндүүр агаад хүндхэн нэг сэдвийг хөндөх гэсэн юм. Ямартай ч өнөөдөр биш юм гэхэд маргааш энэ талаар дурдах л байсан учир нэг өдрийн өмнө ч гэсэн хүмүүст нэгийг бодогдуулъя гэж бодлоо.
Энэ бол өнөө үед эрээ цээрээ алдчихаад байгаа шүд авахуулахаас ч олон болсон үр хөндүүлэх явдал. Эмэгтэйчүүдийн нэ гэмч ярьж байсан. Гол орлогоо энэ үйлчилгээнээс олдог гэж. Ил ярьж байгаа нь л энэ. Цаана нь зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй янз бүрийн эмнэлгүүд хар мянгаараа бий.
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг гэсэн үг байдаг. Гэхдээ би үүгээр эмнэлгүүд олширсон учраас дагаад үр хөндүүлэх явдал ихсэж байна гэх гэсэнгүй. Харин цаад эмч нар чинь одоогийн залуучуудыг их задгай явдалтай болсон, охид эмэгтэйчүүд үр хөндүүлэх нь ихэссэн байна гэдгийг олж харчихаад эмнэлэг байгуулаад байна.
Магадгүй үүнийг уншиж байгаа та бүхний ойр орчимд амьдралынхаа туршид үр хөндүүлж байгаагүй эмэгтэй, найз охин нь хүсээгүй ч жирэмсэн болчихсон залуу бараг байхгүй байх. Бүр архины гайгаар хүүхэд олчихсон, хүүхэд хийчихсэн хүн ч бий.
Судалгааны үр дүнгээс нэг ийм зүйл харагддаг. Үр хөндүүлэх болсон дийлэнх шалтгаан нь өөрөө хүүхэд, бас хүсээгүй, бэлэн биш байгаа явдал. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Хүүхэд бол дэлгүүрийн лангуунаас худалдаж авчихаад гэрийнхээ буйдан дээр байлгаж, хааяа нэг зурагт үзэхдээ тэвэрдэг хүүхэлдэй биш. Түүнд байнгын хайр халамж, анхаарал, арчилгаа хэрэгтэй. Үүнийг нь нэгэнт өгч чадахгүй л юм бол бэлгэвч гэдэг зүйлээ хэрэглэ. Эсвэл тэвч.
Үнэхээр унтаж хэвтмээр байгаа юм бол зуун төгрөгөөр тэр бэлгэвчийг авчих л даа. Дараа нь зуун мянгын талаар тээсэн хүүхдээ авахуулснаас дээр шд. Зургаан мянгын хятад эм ууж биеэ хордуулснаас ч бүр дээр.
Цаана чинь хүсээд хүсээд хүүхэдтэй болж чадахгүй насаараа шаналж яваа эмэгтэй зөндөө байна. Залуу насандаа алдсан ч уян сэтгэлдээ дийлдэж амийг нь таслалгүй тээж төрүүлээд насны эцэст баярлаж яваа эмэгтэй ч байна. /2009.03/




